Өнөөдөр буюу 2023-03-23-ны өдөр бол Дэлхийн болон Монголын цаг уурын өдөр тохиож байгаа юм. Дэлхийн цаг уурын байгууллага /World Meteorological Organisation/-ын гишүүн орнууд 1963 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 23-нд тухайн үеийнхээ тулгамдсан нэгэн чухал сэдвийн дор “Дэлхийн цаг уурын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.
Монгол Улсын хувьд Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор уг хүрээлэнгийн үндсэн бүтцэд “Огторгуйн одон орон гараг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулж, улмаар анхны цаг уурын өртөөдийг байгуулж эхэлснээр Монгол Улсын Ус, цаг уурын албаны эхлэл тавигдсан гэж үздэг байна.
Өнөөдрийн байдлаар сүлжээний 180 орчим өртөө, харуулыг цаг уурын автомат хэмжлийн багажаар хангаад байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай супер компьютерийн технологийг 2011 оноос эхлэн нэвтрүүлж, Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж байгаагийн үр дүнд Ус, цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, хэрэглэгчид, малчид, ард иргэдийн сайшаалыг хүртэж, эрхэм үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.